Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026-09-27
Грийнмаркетинг ХХК («бид») нь Location.mn сайтаар дамжуулан үл хөдлөх хөрөнгийн зар байршуулах, хайх, үнэлгээний мэдээлэл харах үйлчилгээ үзүүлнэ. Сайтыг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
1. Бүртгэл
- Бүртгүүлэхдээ өөрийн эзэмшлийн утасны дугаарыг SMS-ээр баталгаажуулна. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.
- Нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүргийг та хариуцна. Бүртгэлээр хийгдсэн үйлдлийг бүртгэл эзэмшигч хариуцна.
- Утас баталгаажуулах SMS-ийн төлбөрийг (150₮) операторын тарифаар хэрэглэгч төлнө.
2. Зар байршуулах
- Зарын үнэ, талбай, зураг, тайлбар зэрэг мэдээллийн үнэн зөвийг зар байршуулсан этгээд бүрэн хариуцна.
- Зар бүр дээр та эзэн эсвэл зуучлагч гэдгээ үнэн зөв заана. Зарын холбоо барих утас нь таны бүртгэлийн баталгаажсан дугаар байх бөгөөд зөвхөн нэвтэрсэн (утсаа баталгаажуулсан) хэрэглэгч «Утас харах» дарж харна.
- Хуурамч, залилан, давхардсан зар, бусдын эрхийг зөрчсөн зураг, хууль бус агуулга байршуулахыг хориглоно. Нэг байрыг олон зараар давтан оруулахгүй.
- Тайлбар дахь утас, имэйл, вэб холбоос, сошиал хаягийг автоматаар нууна — холбоо барих нь зарын утсаар (нэвтэрсэн хэрэглэгчид) эсвэл сайтын хүсэлтээр дамжина. Бусдын зарын утсыг цуглуулах, хуулж авах, спам илгээхэд ашиглахыг хориглоно (өдөрт харах тоо хязгаартай). Спамаас хамгаалж өдөрт оруулах зарын тоог хязгаарлана.
- Зарын хугацаа: зар 60 хоног идэвхтэй байна. Дуусахаас 7 хоногийн өмнө сануулж, та 1 товшилтоор үнэгүй сунгана (идэвхтэй зарын хязгаар шалгагдана). Сунгаагүй зар «хугацаа дууссан» болж хайлтаас гарна.
- Зарыг «Зарагдсан» болгохдоо бодит үнийг сайн дураар оруулж болно. Энэ үнэ нийтэд харагдахгүй, зөвхөн нэрийг нь нууцалсан статистик ажиглалт болж N-Estimate-ийн нарийвчлалыг сайжруулахад ашиглагдана.
- Мэдээлэх ба модерац: хэрэглэгч зарыг шалтгаантай мэдээлж болно. Бид мэдээллийг хянаж, нөхцөл зөрчсөн зарыг нууж эсвэл устгах эрхтэй; устгасан шалтгааныг «Миний зарууд» хэсэгт харуулна. Шийдвэртэй санал нийлэхгүй бол [email protected] хандаж дахин хянуулна. Бид нөхцөлийг ноцтой зөрчсөн бүртгэлийг хаах эрхтэй.
- Зарын эзэн хүсэлт илгээгчийн дугаарыг блоклож болно; блоклогдсон дугаараас ирэх хүсэлтийг эзэнд дамжуулахгүй.
3. N-Estimate үнэлгээ ба мэдээлэл
- N-Estimate нь зарын асуулгын үнэд суурилсан статистик тооцоолол бөгөөд мэргэжлийн үнэлгээ, санхүүгийн зөвлөгөө биш. Бодит гүйлгээний үнэ ялгаатай байж болно.
- Барилгын оноо, эрсдэл, үнийн түүх зэрэг мэдээллийг нээлттэй эх сурвалжаас нэгтгэсэн бөгөөд бүрэн гүйцэд, алдаагүй гэдгийг баталгаажуулахгүй.
- «Жишээ» тэмдэгтэй зарууд нь үйлчилгээг танилцуулах зорилготой жишээ бөгөөд бодит санал биш.
4. Оюуны өмч
Сайтын дизайн, программ хангамж, N-Estimate загвар, барилгын оноо, мэдээллийн сангийн бүтэц нь Грийнмаркетинг ХХК-ийн өмч бөгөөд зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах, автоматаар татах (scraping), дахин нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
5. Хариуцлагын хязгаар
Бид худалдагч, түрээслэгч, худалдан авагчийн хоорондох гэрээ, төлбөр, хэлцэлд оролцогч тал биш. Хэлцэл хийхээс өмнө бичиг баримт, эрх зүйн байдлыг өөрөө шалгахыг зөвлөж байна.
6. Location Point (оноо)
- Оноог сайтад заасан багцын үнээр (НӨАТ орсон) QPay-ээр эсвэл банкны дансаар шилжүүлж худалдаж авна. Дансаар шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр захиалгын дугаарыг (жишээ нь LM-123) бичнэ; бид төлбөрийг шалгаж баталгаажуулсны дараа оноо олгоно. Захиалгын дугааргүй эсвэл дүн зөрүүтэй шилжүүлгийг тодруулах хүртэл оноо олгохгүй. Төлөгдөөгүй дансны захиалга 7 хоногийн дараа хүчингүй болох ч түүний дараа мөнгө орсон нь тогтоогдвол оноо олгоно. Төлбөр баталгаажмагц оноо таны бүртгэлд орж, и-баримт олгоно.
- Шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид бэлэг оноо олгоно — нэг утасны дугаарт нэг удаа. Бэлэг оноо 60 хоног, худалдаж авсан болон багцын бонус оноо 12 сарын дотор хүчинтэй; хугацаа дууссан оноо сэргээгдэхгүй. Хугацаа нь түрүүлж дуусах оноо эхэлж зарцуулагдана.
- Оноо бэлэн мөнгө биш: бусдад шилжүүлэх, мөнгө болгон буцаан авах боломжгүй. Үйлчилгээ хүрээгүй (жишээ нь SMS хүрээгүй) тохиолдолд зарцуулсан оноог автоматаар буцаан олгоно.
- Онцлох зар, дээш гаргах үйлчилгээ нь зарыг хайлтын эхэнд харуулна; үзэлт, хүсэлтийн тоог баталгаажуулахгүй. Зар зарагдсан, хугацаа дууссан эсвэл та өөрөө идэвхгүй болгосон үед онцлох, «Яаралтай» хугацаа түр зогсож, дахин идэвхжүүлэхэд үлдсэн хугацаагаараа үргэлжилнэ. Нөхцөл зөрчсөн зарыг устгасан тохиолдолд зарцуулсан оноог буцаахгүй.
- «Үнэ буурсан» SMS-ийг зөвхөн тухайн зарыг хадгалсан эсвэл мэдэгдэл авахыг зөвшөөрсөн хүмүүст, зөвхөн үнэ буурсан үед, тогтсон загвараар илгээнэ; нэг хүнд 7 хоногт 3-аас ихгүй. «Хямдарсан» гэж тооцохдоо өмнөх үнэ дор хаяж 7 хоног байсан байхыг шаардана. Хүлээн авагч SMS доторх холбоосоор хүссэн үедээ татгалзана.
- Мэдэгдлийн SMS-ийг зөвхөн 09:00–21:00 (Улаанбаатарын цагаар) илгээнэ; шөнө үүссэн мэдэгдлийг өглөө илгээнэ.
- Идэвхтэй зарын хязгаар: багцгүй хэрэглэгч нэгэн зэрэг 3, AGENT багц 50, Office багц багийн хамтын 200 идэвхтэй зар байршуулна; нэмэлт эрхийг оноогоор багцаар (5 зар — 10 оноо, 30 хоног) авна. Зарагдсан, устгасан зар эрх эзлэхгүй. Багцын хугацаа дуусахад байршсан зар хэвээр үлдэх боловч хязгаараас доош болтол шинэ зар нэмэх боломжгүй.
- AGENT, Office багц нь 30 хоногийн эрх; QPay автомат төлбөргүй тул хэрэглэгч өөрөө сунгана. Багцын оноо 60 хоног хүчинтэй. Office багцын эзэн багтаа гишүүн (суудлын хязгаартай) нэмж, хасна; гишүүд AGENT эрх авна, оноо хуваалцахгүй. «AGENT ✓», «Office ✓» тэмдэг нь төлбөртэй багцыг илэрхийлэх бөгөөд мэргэжлийн лицензийг баталгаажуулахгүй.
- PDF тайлан нь худалдан авсан үеийн мэдээллээр гарах автомат тооцоолол бөгөөд мэргэжлийн үнэлгээчний дүгнэлт биш; тайлангийн код/QR нь зөвхөн Location.mn-ээс гарсныг баталгаажуулна.
- Хайлтын SMS мэдэгдэл нь идэвхжүүлсэн 30 хоногт тухайн шүүлтүүрээр шинэ зар гарвал өдөрт 1 хүртэл SMS илгээнэ; шинэ зар гараагүй бол SMS илгээгдэхгүй бөгөөд оноо буцаагдахгүй.
- Урилга: урилгын холбоосоор шинэ утасны дугаараар бүртгүүлсэн найзын төлөө урамшуулал олгоно (сард 10 хүртэл). Хуурамч бүртгэлээр урамшуулал авахыг хориглох бөгөөд илэрвэл оноог хүчингүй болгоно.
- Үйлдлийн онооны үнэ, багцын үнэ өөрчлөгдөж болно; өөрчлөлт өмнө нь худалдаж авсан оноонд нөлөөлөхгүй.
- Бүртгэлээ устгахад үлдсэн оноо, идэвхтэй багц, нэмэлт зарын эрх бүрмөсөн устаж, буцаан олгогдохгүй (устгахаас өмнө анхааруулна). Office багцын эзэн бүртгэлээ устгавал гишүүд багцын эрхээ алдана.
7. Нөхцөлийн өөрчлөлт
Нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудсанд нийтэлж, шинэчилсэн огноог тэмдэглэнэ. Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.
Хувийн мэдээллийн талаар: Нууцлалын бодлого · Холбоо барих: [email protected]